Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Saturday, April 23, 2011

Би биш чи л жинхэнэ ядуу хүн /сургамжит өгүүллэг/


2 залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж. Баян залуу дутагдах гачигдах зүйлгүй хангалуун амьдардаг хэдий ч түүнд гэр бүл үр хүүхэд гэх зүйлгүй, харин ядуу залууд хайрлах хань, асрах үр хүүхэд байдаг байжээ. Ядуу залуугийн гэрээс үргэлж хөөрөн баясах хүүхдийн дуу хоолой, жаргалтай гэгч нь инээмсэглэх бүсгүйн инээд хангинадаг байв.Харин баян эрийн гэрт түнэр харанхуй л ноёлдог байжээ. Тэрээр хэчнээн найз нөхөд хань ижилтэй болж болох ч түүнийг хүрээлэн байгаа хүн бүр эрх мэдэл, албан тушаалд нь дурласан бялдууч хүмүүс байдгий мэдэх учраас одоо хэр нь ганцаар амьдарсан хэвээр байгаа ажээ. Баян эр үргэлж нэгэн зүйлийг боддог байсан нь ядуу залууг яагаад үргэлж инээмсэглэн жаргалтай гэгч нь алхалдаг байсныг огтоос ойлгодоггүй байжээ. Нэгэн удаа баян эр ядуу залуутай харц мөргөлдөхдөө тэсгэлгүй асууж орхив.
-Чамд юу ч байхгүй хоосон ядуу өлмөн зэлмэн амьдардаг хэрнээ яагаад ийм жаргалтай гэгч нь алхалдаг юм, гэхэд ядуу эр өөдөөс нь инээмсэглэнгүй харснаа
-Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ.

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ


Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

Sunday, April 17, 2011

Бялуу - Сургамжит өгүүллэг


Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Тэлхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.

Сайныг сийлж үлдээ - Сургамжит өгүүллэг


Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан." Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь: "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ" "Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

Сэгсрээд Үсэр! - Сургамжит өгүүллэг


Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсанаас живсэнгүй. Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв. Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болхоор шороогоор дүүрэгцгээе гэв. Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байжээ. Тиймээ ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргасанаар ийнхүү аврагдсан юм гэнэ.
Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л "Сэгсрээд Үсэр! ".

Saturday, April 9, 2011

Сургамжит өгүүллэг - ″Хайр дуусахад″


Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.

Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :

- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгарай. Өнөөдөр голоор битгиу гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггөи байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад ...

Friday, April 1, 2011

Цуурай - Сургамжит өгүүллэг


Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон "ёо ёо" гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас "ёо ёо " гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
"Чи хэн бэ" гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
"Чи хэн бэ?"
Харин хүү бухимдан:
"Хулчгар" гэв.
Хариу бас л ижилхэн:
"Хулчгар " гэж ирэв.
Хүү аавдаа:
"Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна." гэв
Аав нь:
"миний хүү сонсож бай" гээд,
"Бүх юм сайхан" гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
"Бүх юм сайхан" гэв.
Аав:
"Би чамд хайртай"
Уулнаас ирэх дуу:
"Би чамд хайртай"
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: "Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай". гэж хэлжээ.

Амжилтын түлхүүр - Сургамжит өгүүллэг


Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

Эцэг - Сургамжит өгүүллэг


Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 4н настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс "Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр "Энэ чамд хамаагүй" гэж уцаарлан хэллээ. Хүү нь "Гэхдээ, ааваа би үнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яахав 20$ олдoг" хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь "Та тэгвэл надад 10$ өгөөч" гэх нь тэр. Аав нь учиргүй уурлан "Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү гарсан мөнгө алга өрөөндөө ороод хаалгаа хаа" гэжээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав ч ууртайгаар "Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?" гэж боджээ. Нэг цагын дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байснаа асуугаагүйгнээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү! Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ "унтаж байна уу?" гэж асуулаа. Хүү нь ҮГҮЙ хэмээн хариулахад "Май энэ 10$ ийг ав. Түрүүн муухай аашилсаныг минь уучлаарай. Өнөөдөр их хүнд өдөр байлаа." гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод "Баярлалаа ааваа" гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч тоолов. Аав нь төн л уурлаж "Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө байгаа юм бэ?" гэхэд хүү нь "Ааваа би таньтай 1 цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болохуу гэжээ.